Цаг үеийн мэдээ

Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэл амжилттай үргэлжилж байна. УИХ-ын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар "Орон нутгийн хамгаалалтын тухай хууль", "Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ууд эцэслэн батлагдлаа. "Орон нутгийн хамгаалалтын тухай хууль" нь анхдагч бол "Дайчилгааны тухай хууль"-ийг 2015 онд УИХ-аар шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг болоод батлан хамгаалахын багц хуулиудад нийцүүлэн өөрчлөн шинэчилсэн юм.

 

Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсанаар Монгол Улсын иргэний үндсэн үүрэг болох "Эх орноо хамгаалах" гэсэн Үндсэн хуулийн санаа нь энэхүү хуулиар хэрэгжиж, орон нутгийн хамгаалалтын харилцаа, төрийн байгууллага, иргэн хуулийн этгээдийн хүлээх үүрэг хуульчлагдаж байгаа юм. Мөн Монгол Улсын өөрийгөө хамгаалах чадавхийг бэхжүүлэх, иргэн-цэргийн харилцааг төлөвшүүлэх орон нутгийн нийгэм эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх замаар батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх боломж бүрдэх аж. Харин Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээ илүү боловсронгуй болж, дайчилгааны талаарх субьектүүдийн чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Дайчилгаанд оролцогчдын эрх зүйн байдлын баталгааг хангахаас гадна хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилна гэж чуулганы хуралдааны үеэр хууль тогтоогчид онцлов. Ийнхүү УИХ-аар хууль батлагдсаны дараа УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хуулийн төслийг боловсруулахаас эхлээд батлагдан гарах хүртэл оюун ухаан, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулсан БХЯ, ЗХЖШ, командлалын удирдлагууд, эрдэмтэн судлаачдад "Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлд тэргүүлэх байр суурь эзлэх чухал хуулиуд батлагдлаа. Үүнд та бүхний оролцоо, дэмжлэг маш их байсныг онцгойлон хэлмээр байна" хэмээн талархал илэрхийлсэн.