ЦЭРГИЙН ШТАБ

Эрхэм зорилго
Батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцөлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэшил, арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Цэргийн штабын чиг үүрэг

- батлан хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулах;

- цэрэг-техникийн бүртгэл хөтлөх, цэрэг халалт, татлага, дүйцүүлэх албаны үйл ажиллагааг зохион байгуулах;

- дайчилгааны төлөвлөгөөтэй холбогдсон баримт бичгийг боловсруулах, тэдгээрийн нууцлалт, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах, цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгааны болон дайчилгаатай сургуулийн бэлтгэлийг хангах;

- дүүргийн дайчилгааны төлөвлөгөө, үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөл, тэдгээрийг ашиглан үйлдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг хянах, дүгнэлт гаргах, баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх;

- дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах  байгууллагатай хамтран ажиллах;

- Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, тайван цагт орон нутгийг хамгаалах бэлтгэл ажлыг зохион байгуулж бэлэн байдлыг хангах, онц болон дайны үед бүх нийтийн оролцоотойгоор орон нутаг хүн амыг хамгаалж, улсыг батлан хамгаалахад дэмжлэг үзүүлэх;

- хуульд заасан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийн дагуу хүн, техникийг хороогоор хуваарилан оногдуулан данслах, тухайн хорооны Засаг даргаар биелэлтийг гаргуулан авах;

- тухайн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн харьяалал харгалзахгүйгээр батлан хамгаалах асуудалтай холбогдсон хууль тогтоомжийг биелүүлэх талаар үүрэг чиглэл өгч, биелэлтийг хангуулах;

- хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд цэргийн жинхэнэ алба хаагчийн чөлөө, томилолтын хугацааг 7 хүртэл хоногоор сунгах;

- орон нутагт батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэлтэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллага, цэргийн үүрэгтэн, иргэдийг шагнаж, урамшуулахаар батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон нийслэлийн эрх бүхий байгууллагад тодорхойлох;

- дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт сургаж бэлтгэх, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдыг сургах, алба хаалгах, тэдэнтэй холбогдсон асуудлыг зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, дүйцүүлэх албан хаагчдыг орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулах;

- аж ахуйн нэгж, байгууллагаас цэргийн болон үй олноор хөнөөх зэвсэг, хөнөөх хэрэгслийн хөнөөл, тэдгээрийг ашиглан үйлдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах сургалт, дадлагад оролцох хүн, техникийг тодорхойлох, үүнтэй холбогдсон төлөвлөгөө хийхэд туслах, зарлан мэдээлэх;

- дүүргийн нутаг дэвсгэрт байгаа цэргийн үүрэгтний шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг барагдуулах;

- цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаагчдын бүртгэлийг хөтлөн төлбөр төлүүлэх ажлыг зохион байгуулах;

- гамшгийн аюулын үед Зэвсэгт хүчнээс тусламж үзүүлэхээр томилогдсон бүрэлдэхүүний орон нутгийн мэргэжлийн байгууллагатай харилцах ажиллагааг зохион байгуулах;

 - Цэргийн штабын ажлын мэдээ, тайланг тогтоосон журмаар гарган батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагад хүргүүлэх, илтгэх;

- нийслэлийн Засаг даргын салбарын сайд нартай байгуулах санамж бичиг болон хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангах;

Холбоо барих: 70232345