Налайх дүүрэг

ХОГИЙН ЦЭГТ ГАЛ ГАРСАН НЬ ХЭД ХЭДЭН ШАЛТГААНААС ҮҮДЭЛТЭЙ

Баялгийн хонхор дахь хогийн цэг нь уурхайн хуучин ашиглаж байсан том нүхэнд байхаар 2009 онд захирамж гарч байсан байна. 
Тус хогийн цэгт өдөртөө 40-50 машин хог буудаг ажээ.
Хогийн цэг дээрх хогийг ангилан ялгаж хаядаггүйн улмаас шатамхай буюу, тэсрэх эрсдэлтэй хог наранд халж шаталт үүсгэдэг ба хог түүдэг иргэд удаа дараа кабель шатааж гал гаргасаар байна. 
Энэхүү нөхцөл байдлаас улбаалан дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, 08 дугаар сарын 31-ний өдрийн 20:00 цагаас 02:00 цаг хүртэлх хугацаанд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, "Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ, "Чандмань Налайх" ОНӨААТҮГ-ын ажилтан, албан хаагчид хогийн цэг дээр ажиллаж галыг унтрааж нурманд оруулсан.

Тэгвэл 9 дүгээр сарын 01-ний өглөөний 06:00 цагаас эхлэн Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас нурмыг ковшоор түрэх ажлыг хийж гүйцэтгэж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг нар 09 сарын 01-ний өдөр хогийн цэг дээр очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, яаралтай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Хогийн цэгт гал гарсан шалтгааныг Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаяраас тодруулахад: "Хэд хэдэн шалтгаан нөхцөл бий. Хамгийн түрүүнд энэ бол цэвэр иргэдийн ухамсар, зан заншил, сэтгэхүйтэй холбоотой асуудал. 
Манай иргэд бурхан болоочийн эд хэрэгсэл, хуучин хувцсыг хогийн цэг дээр авчирч шатаадаг. Үүнийг хогийн цэг рүү оруулахгүй гэхээр энд тэнд гал түймэр гаргах эрсдэлтэй. Бид тодорхой хэмжээний талбар зааж өгөхөд хүмүүс нь уурладаг. Дараагийн эх үүсвэр нь энэ баялгийн хонхорт 10 талаасаа хуучин ухаж байсан уурхайн цооногууд байдаг. Яг энэ нүхэнд байдаг 3, 4 цооногт уурхайн хуучин нурмыг авч ирж хийгээд хаачихсан байдаг. Өөрөөр хэлбэл уурхайн ухмал нүх нь дороосоо байнгын нурамтай байдаг гэсэн үг. Урдаасаа салхи гарлаа гэхэд дээрээс нь хог асгаж байгаа болохоор уугичихдаг. Мөн энд хог түүдэг 20 гаруй иргэн байнга байдаг ба кабель шатааж зэс гаргадаг, түүнчлэн ил задгай байгаа хог наранд халсан үед ахуйн хэрэглээний газны сав гэх мэт нь буудах гэх мэтчилэн олон шалтгаан нөхцөл бий. 
Энд нэлээд их хөрөнгө оруулалт, техник, хүн хүч байж бүрэн шийдэгдэнэ. Ингэлээ гээд бид зүгээр суугаагүй. 2017 онд дүүргийн Тамгын газартай хамтран далайцтай арга хэмжээ авч, ил байсан хогийг түрж дарах гэхчлэн арга хэмжээ авсан. Дараагаар нь хогийн цэгтээ манаач хүртэл гаргаж ажиллуулж байна. Мөн нийслэлийн удирдлага, холбогдох дээд байгууллагад 2.2 тэрбум төгрөгний нөхөн сэргээх төсөл бэлдэж танилцуулсан. Сайхан мэдээ нь гэвэл энэ асуудал эхнээсээ шийдвэрлэгдэж байна. Нийслэлээс 800 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Ирэх 7 хоног гэхэд эхний хөрөнгө оруулалтууд нь орж ирнэ. Үүнд жинлэгч автомат пү, 50 хэмийн хүйтэнд тэсвэртэй дугаар таньдаг камер, цахилгаан трансорматор, авто ковш, том хово зэрэг шаардлагатай техник хэрэгсэл ирнэ. Харж байгаачлан автомат жинлэгч пү, гэрэлтүүлэг зэрэг нь эхнээсээ суурилагдаад эхэлсэн. Цаашдаа 24 цагийн харуултай, бүрэн камержуулаад хяналт тавиад ирвэл энэ асуудал цэгцэрнэ гэдгийг хэлье" гэлээ.

 

Хуваалцах: