Налайх дүүрэг

МЭНДЧИЛГЭЭ

Эх орны гал голомт, зүрх болсон нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойн баярыг тохиолдуулан та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Өнөөдөр Нийслэл хотын маань 381 жилийн төрсөн өдөр тохиож байна.

Үе үеийн Налайхчууд Монгол Улсын аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцан, Нийслэлээ илч дулаанаар 100 гаруй жил тасралтгүй хангаж ирсэн бахдам түүхтэй, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяатууд, төрийн шагналтнуудыг төрүүлсэн хөдөлмөрчдийн өлгий нутаг билээ.

Нийслэлийн өнөөгийн хөгжилд Налайх дүүргийн маань оруулсан хувь нэмэр асар өндөр билээ.

Дал мөрөндөө уулсыг үүрч илч гэрэл түгээж ирсэн уурхайчдын өлгий нутгийнхаа өвөг дээдсийнхээ гавьяа зүтгэл, гарамгай үйлсээр бид ямагт бахархдаг. Нийслэлийн хөгжлийг түүчээлсэн үе үеийн ахмадуудынхаа үйлс бүтээлийг үр хойчис бид өнө мөнхөд үргэлжлүүлж, дэвжээн бадраах учиртай.

Нийслэлийнхээ түүхт 381 жилийн ойгоо Налайхчууд та бид өндөр амжилт бүтээлээр угтаж байна.

2020 онд “Иргэдийн оролцоотой-хөгжлийн төлөө хамтдаа” уриа дэвшүүлэн бүх шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийнхээ санал санаачилгыг ажилдаа тусган хэрэгжүүлэхийг зорьж ажилласны үр дүнд нийслэлийн өдрийн босгон дээр "2020 ОНЫ ШИЛДЭГ ДҮҮРЭГ"-ээр шалгарлаа. Энэ бол хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхдээ таатай байна.

Нийслэлийн иргэн бид хүрээ соёл, хүүхэд залуусын боловсрол, хүмүүжлээрээ үлгэрлэж, нийслэл хот, Налайх дүүрэгтээ амар тайван, зөв боловсон аж төрөх, нийтлэг ёс зүй, дэг жаягийг эрхэмлэн дээдлэж, хотын иргэн хэмээх нэр алдраараа бахархан ирээдүйдээ итгэлтэй, инээмсэглэл дүүрэн, эрүүл орчинд сэтгэл хангалуун амьдрах учиртай.

Налайх дүүрэг маань нийслэлдээ аж үйлдвэржилт, хөдөлмөр бүтээлийн үйлсээрээ манлайлан, эх орныхоо зүрх болсон нийслэлийн наран ургах зүгт хөгжлийн үүд болон өдрөөс өдөрт цэцэглэн хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна.

Дүүрэг, нийслэл, эх хотынхоо хөгжил дэвшлийн төлөө аливаа бэрхшээлээс үл шантран, мэдлэг чадвар, нөөц бололцоогоо шавхан ажилладаг та бүхэндээ болон нийт Налайхчууддаа Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж ажлын амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

“ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА ЗҮТГЭЦГЭЭЕ.

ХҮНДЭТГЭСЭН:

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ ЧОЙЖИНСАМБУУГИЙН РАДНААБАЗАР

Хуваалцах: