Налайх дүүрэг

НЭГДҮГЭЭР ХОРООНЫ ХОЁР УС ТҮГЭЭХ ЦЭГИЙГ УХААЛАГ СИСТЕМД ХОЛБОЛОО

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өвөлжилтийн бэлтгэл ажилтай хэсэгчлэн газар дээр нь танилцаж байна.

Тэрбээр өнөөдөр нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шинээр ухаалаг системд холбосон хоёр ус түгээх цэгийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзан санал бодлыг нь сонслоо.

Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар баригдсан нэгдүгээр хорооны Уурхайчдын 19 дүгээр гудамжинд байрлах ус түгээх цэг, Энгэршандын 5 дугаар гудамжинд байрлах ус түгээх цэгийг ухаалаг системд холбож ашиглалтад орууллаа.

Уг хоёр худгийг Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн санхүүжилтээр ухаалаг системд холбохоос гадна бүрэн камержуулжээ.

Тус хорооны иргэд, оршин суугчид цагийн хуваариар ундны усаа авдаг байсан бол, одоо 24 цагийн аль ч үед хэрэгцээний усаа авах боломжтой болж байна.

Дашрамд дурдахад дүүргийн хэмжээнд 10 ухаалаг худгийг ашиглалтад оруулаад байна.

Мөн худагнуудын нөөцлүүр савыг ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар стандартын шаардлагад нийцсэн зориулалтын саваар шинэчилж байна.

Дүүргийн Засаг даргын зүгээс ухаалаг худагны картыг хөнгөлөлттэй нөхцөлөөр зорилтот бүлгийн иргэдэд түлхүү хүртээмжтэй олгох асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болголоо.

 

 

Хуваалцах: