Налайх дүүргийн Засаг даргаар Ч.Раднаабазар дахин сонгогдож батламжаа гардан авлаа.
Нийслэлийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ү.Ганболд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт нийслэлийн Засаг даргын батламж, төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өглөө.
Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон шинээр бүрэлдсэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дүүргийн Засаг даргад Ч.Раднаабазарын нэрийг дахин дэвшүүлж, бүрэн дэмжсэн.
Налайх дүүргийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлсэн тогтоолыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар дэмжиж ийнхүү батламжилснаар 2 дахь удаагаа Засаг даргаар сонгогдож байна.
Тэрбээр батламж, тамгаа гардаж авсны дараа хэлсэн үгэндээ: "Налайх дүүргийн Засаг дарга хэмээх хүндтэй албыг дахин дөрвөн жил залгуулах эрхээ хүлээн авлаа. Өндөр итгэл хүлээлгэсэн хөдөлмөрч, бүтээлч Налайхчууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэнтэйгээ хамтран дүүргийнхээ сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн зүтгэх болно" гэв.