Налайх дүүрэг

"ЭРДЭНИЙН ХӨГЖИЛ" УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БҮРЭН ЗОГССОН, ДАХИЖ АЖИЛЛАХГҮЙ

Энэ сарын 20-ны өдөр “Эрдэнийн хөгжил” уурхайд осол гарч, 3 хүний алтан амь нас эрсдсэн харамсалтай явдал гарсан. 
Үүнтэй холбогдуулан НМХГ-ын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг хэлэхдээ: “Тус уурхайд 2018-2019 онд нийтдээ 8 удаагийн хяналт шалгалт явуулж, 10 гаруй сая төгрөгийн торгууль тавьсан. Хамгийн сүүлд л гэхэд 2019 оны 04 сарын 09-ны өдөр дүүргийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу тус уурхайд дахин хяналт шалгалт хийж, олборлож болох бүхий л хэсэгт лац тавьсан байсан. Харамсалтай нь улсын байцаагчийн тавьсан лацыг хөндөж ажилласны улмаас ийм хэрэг гарлаа. Бид дүүргийн Цагдаагийн хэлтэст хүртэл хяналт тавих тухай албан бичгийг явуулсан байдаг” гэв. 
Өнгөрсөн 2018 оноос хойш үйл ажиллагааг нь цуцлах эрх бүхий байгууллага болох холбогдох яам, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагад тус уурхайн үйл ажиллагаатай холбоотой хяналт шалгалтын хүрээнд зөрчлийг арилгуулах, үйл ажиллагааг цуцлах санал, дүгнэлтийг явуулсан байна.
Ямартай ч уурхайн үйл ажиллагаа бүрэн зогссон. Цаашид ч тус уурхайн үйл ажиллагаа дахин явагдахгүй юм.

Хуваалцах: