Налайх дүүрэг

ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД НАЛАЙХЫН ИРГЭДЭЭС АВЧ АЖИЛЛУУЛАХ ТАЛААР ХҮСЭЛТ ГАРГАЛАА

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн ажил эхэлсэн. 
Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар нар холбогдох албаны хүмүүстэй өнөөдөр уулзалт хийлээ.

Тус уулзалтад Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Доржханд, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон замын ажлын гүйцэтгэгч зарим компанийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Доржханд хэлэхдээ: "Ерөнхий сайдаас замын ажлыг эрчимжүүлэх, хугацаанд нь багтааж дуусгах чиглэлээр үүрэг өгч, Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Одоогоор хуучин замыг хуулах ажил хийгдэж байна" гэв.

Дүүргийн удирдлагуудын зүгээс цаашид замын ажилд Налайхын иргэдээс авч ажиллуулах талаар хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд, замын туслах компаниудад боломжтой хэлбэрээр Налайхын иргэдээс авч ажиллуулахаар боллоо.

Хуваалцах: