Налайх дүүрэг

НИЙСЛЭЛИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬД НАЛАЙХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГААР АХЛУУЛСАН БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран, нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Улаанбаатар хотноо 30 жилийн дараа зохион байгууллаа. Иж бүрэн сургуулийн нээлт 04 сарын 24-ний өдөр Сүхбаатарын талбайд болсны зэрэгцээ Танхимын команд штабын дадлага-сургууль “Crocus event hall”-д зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд онцлон зохион байгуулсан хэдий ч бүх дүүрэг, байгууллага оролцсон юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд дүүргийн Засаг дарга, дүүргийн Онцгой комиссын дарга Ч.Раднаабазараар ахлуулсан баг, хамт олон амжилттай оролцож, гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар сургалт, мэдээлэл авлаа.

Налайх дүүрэгт 2017 онд гамшгийн иж бүрэн сургалт зохион байгуулагдаж, дүүрэг бүрэн хангалттай үнэлэгдэж байсан бол, энэ удаагийн нийслэлийн иж бүрэн сургалтад багаараа мөн амжилттай оролцлоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Танхимын команд штабын дадлага сургуулийг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд газар хөдлөлийн томоохон голомтууд идэвхжиж, их, бага хэмжээний чичирхийлэл байнга мэдрэгдсэн болсон. Тиймээс бүх нийтээрээ гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үйл ажиллагааны талаар мэдлэг мэдээлэл, дадалтай болж, бэлэн байдлыг хангаж хэвших нь нэн чухал болоод байна. Бүх шатны төрийн захиргааны байгууллага болон ААН-үүд, цэргийн албан хаагчид өнөөдрийн команд штабын сургуульд оролцож байна. Газар хөдлөлтийн үед нүүлгэн шилжүүлэх, хээрийн нөхцөлд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, гамшгийн аюулд бэлэн байх зэрэг ажлуудыг энэ өдрүүдэд өндөр зохион байгуулалтын дор явуулна. Төгсгөлд нь төрийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаагаа дүгнэх, үр дүнг нэгтгэх юм. Монгол Улс хэлтэй, хилтэй, хуультай. Тиймээс хүн болгон иргэнийхээ үүргийг биелүүлж гамшгаас хамгаалах сургуульд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж байна. Та бүхэнд амжилт хүсье” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Танхимын команд штабын сургуульд оролцогчдод хандан “Сүүлийн сар гаруйн хугацаанд бид энэ сургуулийг зохион байгуулахад өндөр ач холбогдол өгч, үр дүнтэй байлгахын тулд ихээхэн анхаарч ажиллалаа. Мөн иргэд, олон нийтийг өргөнөөр татан оролцуулахын тулд нийслэлийн хэмжээн дэх 116 байгууллага, ААН-үүдийн бэлтгэл ажлыг хангалаа. Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулах мэргэжлийн ангийн хүч бололцоог бодит нөхцөл байдалд хэрхэн зөв төлөвлөж, зөв хуваарилж, зөв зохион байгуулж, харилцан уялдаа холбоотой ажиллуулах тухай болон гамшгийн бэлэн байдлыг хангах асуудлыг дээшлүүлэхэд энэ сургуулийн гол зорилго оршиж байна. Энэ хүрээнд олон ажлууд гурав хоногийн хугацаанд хийгдэнэ. Бид цаашдаа энэ ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, гамшгаас хамгаалах чиглэлээр тодорхой төсөв мөнгийг нийслэлийн төсөвт суулгадаг болно” хэмээн онцолжээ.

Хуваалцах: