Налайх дүүрэг

"ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ӨДӨР"-ИЙГ НАЛАЙХ ДҮҮРЭГТЭЭ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр 1998 оноос тэмдэглэж иржээ. Манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна.

Тус тэмдэглэлт өдрийг угтан дүүргийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс хамтран өнөөдөр дүүргийн төв талбайд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, энэ талын мэдлэг мэдээллийг эцэг, эх, хүүхэд багачуудад хүргэлээ.
Тус үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, НХХ-ийн дарга С.Ялалт болон Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, сургууль, цэцэрлэгүүдийн төлөөлөл оролцлоо.
Мөн хүүхэд багачуудын төлөөлөл Хуульчдын гудамжинд ёслолын жагсаал зохион байгуулсан юм. 
Дашрамд дурдахад энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг. Тэмдэглэлт өдрийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаа нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж, эцэг эхчүүд хүүхдээ зодож шийтгэлгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцэж, бусад үйл ажиллагааг зохион байгуулдгаараа онцлогтой.

Хуваалцах: