Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Сууц өмчлөгчдийн холбоодын дарга, удирдлагуудыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзлаа.
Дүүргийн хэмжээнд нийт 99 орон сууцнаас 2192 өрхтэй 50 байрыг 10 СӨХ хариуцан тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
СӨХ-дын удирдлагуудын зүгээс хариуцсан байрны оршин суугчдын тал хувиас хураамжаа авч чаддаггүй учир ажилтнуудын цалин олгогдохгүй, засвар үйлчилгээний зардал хүрэлцдэггүй зэрэг хүндрэл бэрхшээл тулгардаг талаар ярьж байсан юм.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар уулзалтын үеэр хэлсэн үгэндээ: "2021 оныг Налайх дүүрэг Иргэдийн оролцоотой хариуцлагын жил болгон зарласан. Төрийн бодлого шийдвэр, хамтын ажиллагааг иргэд оршин суугчиддаа хүргэх, мэдээллээр хангах, хамтран ажиллах хамгийн эхний суваг бол та бүхэн. Асуудал бэрхшээл бүрийн ард гарц гаргалгаа байх ёстой. Оршин суугчид нь хураамжаа төлдөггүй зөвлон бэрхшээлийг өмнө нь ч та бүхнээсээ сонсож байсан. Дүүргийн зүгээс цаашид тог цахилгааны зардалтай хамтатган СӨХ-ийн хураамж бүрдүүлдэг байх талаар эрчим хүчний байгууллагуудад санал хүргүүлсэн боловч системийг өөрчлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Та бүхний саналыг үндэслэн 03 дугаар сардаа багтаж хамтарсан журам боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна. Хамгийн чухал нь та бүхэн оршин суугчиддаа орлого зарлага, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа байнга тайлагнаж СӨХ-Иргэний эргэх холбоог сайжруулах нь чухал" гэв.
Энэхүү уулзалтын үр дүнгээр дүүргийн ЗДТГ-таа ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан СӨХ-ийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомжийн дагуу дүүрэгт мөрдөгдөх журам боловсруулахаар боллоо.