Налайх дүүрэг

НИЙСЛЭЛИЙН ЗҮҮН БҮСИЙН 3 ДҮҮРГИЙН СУВИЛАГЧИД БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

Английн иргэн, "Дэнлүү барьсан эмэгтэй" хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу 5 дугаар сарын 12-ны өдрийг олон улсын сувилагчдын нийгэмлэгээс "Олон улсын сувилагчдын баярын өдөр" болгосон байдаг. Манай улсын хувьд 1995 оноос энэхүү баярыг тэмдэглэж иржээ.
Энэ жилийн хувьд "Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо" уриан дор баяраа тэмдэглэж байна.
Өнөөдөр нийслэлийн зүүн бүсийн 3 дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай дүүргийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн баярын үйл ажиллагаа Налайх дүүргийн Соёлын ордонд боллоо.
Тус баярын үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нарын албаны зочид төлөөлөгчид оролцож, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож байгаа цагаан нөмрөгт баатрууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн энэ үеэр шагналын хур бууж, салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа сувилагчид төр засгийн болон салбарын шагналуудаар энгэрээ мялаалаа.

Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд ачааны хүндийг үүрч, өдөр шөнийг үл огоорон зүтгэж яваа мянга мянган сувилагч нартаа баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүсэн ерөөе. Хүн ардаа энэрэн сувилах ариун цагаан буян нь ямагт дэлгэрч байхын ерөөлийг дэвшүүлье.

Хуваалцах: