Налайх дүүрэг

НАЛАЙХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД “НЯРАЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ” НЭЭГДЛЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 05 дугаар сарын 10-ны баасан гаригт Налайх дүүрэгт ажиллалаа. 
Энэ үеэр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, шинээр нээгдэж байгаа “Нярайн эмгэг судлалын тасаг”-тай танилцсан юм. 
Эх хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор байгуулж буй тус тасгийн нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль болон албаны зочид төлөөлөгчид оролцлоо.


Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 2017 онд 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдаж ашиглалтад орсон. Тэгвэл тус эмнэлгээр 2017 онд 1484, 2018 онд 2050 хүүхэд, жилдээ 2000 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдгээс 10 орчим хувийг 28 хоног хүртэлх нярай эзэлдэг байна.
Мөн төрөх тасагт төрсөн нийт нярайн 6-8 хувь нь эмчилгээтэй нярай төрж эмчлэгддэг аж. Тиймээс дүүргийн Эрүүл мэндийн төвд “Нярайн эмгэг судлалын тасаг” нээгдсэнээр нярайн эмгэгийг эрт үед нь илрүүлэх, дүүргийн эрүүл мэндийн төвд цаг алдалгүй эмчлэх, нийслэл рүү явах хөдөлгөөнийг бууруулах буюу лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг багасгах, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Хуваалцах: