Налайх дүүрэг

“ГОЛОМТ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬД ЯАРАЛТАЙ ХҮЧИТГЭСЭН ЗАСВАР ХИЙХИЙГ ДААЛГАВ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 05 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүрэгт ажилласан. Энэ үеэр Голомт цогцолбор сургуулийн хичээлийн байр болон спорт заалтай танилцлаа. 
Голомт цогцолбор сургуулийн нэг байр нь 1961 онд нөгөө нь 1966 онд анх ашиглалтад орж байжээ. Тус сургуулийн хичээлийн гурван байранд 64 бүлэгт 2367 гаруй сурагч 98 багштай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн байрыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг удаа дараа гаргасан байдаг аж.

Сургуулийн захирал Р.Цэдэндамбаа “Сургуулийн суурийн блокууд үйрсэн, бяцралттай болсон учраас шалан доогуураа нэвт салхи сийгдэг. Дулааны шугам нь шалан доогуураа явдаг. Хэрвээ шугаманд ямар нэгэн гэмтэл гарах л юм бол сургуулийн үйл ажиллагаа зогсоно. Газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байгаа. Спорт залны хувьд гадна талын тоосгонууд нь үйрч нарийн шороо болсон. Таазны шавар нурж унахад бэлэн болоод байгаа” хэмээн танилцууллаа.

Хотын захирагч С.Амарсайхан “Сургуулийн байрыг эхний ээлжинд хүчитгэн засах талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэ. Бусад дүүрэг хороодод ийм нөхцөл байдалтай хэдэн сургууль, цэцэрлэг байгаа гэсэн тоо судалгааг гаргаад яаралтай танилцуул” хэмээн холбогдох албаны удирдлагуудад даалгалаа.

Хуваалцах: