Налайх дүүрэг

ГОЛОМТ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН БАЙРТАЙ ТАНИЛЦААД, ШИНЭ БАЙРТАЙ БОЛГОХОО ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ АМАЛЛАА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нар “Голомт” цогцолбор сургууль, “Хос Уянга” дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцан, ажилтан, албан хаагчидтай уулзаж, тэдний ажлын нөхцөл байдалтай танилцлаа.

Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургууль нь 1938 онд байгуулагдсан Монгол улсын ууган сургуулийн нэг бөгөөд одоогоор хичээлийн 3 байр, спорт зааланд сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг зохион байгуулан явуулж байна. 2018-2019 оны хичээлийн жилд нийт 64 бүлэгт 2382 хүүхэд суралцсанаас 1,2 дугаар байранд 32 бүлэгт 1052 хүүхэд суралцаж, цаашид сурагчдын тоо нэмэгдэх хандлагатай байна. 
Сургуулийн хичээлийн 1,2 дугаар байр, спорт заалын барилга 1957 онд ашиглалтад орсон бөгөөд барилгын даацын дам нуруу цууралттай, 1 давхрын шалнууд суулт өгсөн, хана, шал нь мөөгөнцөртсөн, хананы тоосго суларсан, дээврээс ус гоождог, бохир дулааны шугам хоолой элэгдэж нэмгэрсэн цаашид засвар авах боломжгүй, “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм дүрэм”-ийн стандарт шаардлага хангахгүй зэрэг байдлыг 2010 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ашиглах боломжгүй эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан.

Сургуулийн нөхцөл байдлын талаар БСШУСЯ-нд 3 удаа хандан салбарын сайдад газар дээр нь бодит байдлыг танилцуулан үзүүлж байсан. Нийслэлийн боловсролын газарт 2 удаа, УИХ-ын гишүүд, НИТХТөлөөлөгч нарт тус тус албан бичгээр танилцуулан хөөцөлдөж байгаа боловч тодорхой шийдвэр гаралгүй өнөөдрийг хүрсэн билээ. 
Иймд тус сургуулийн хичээлийн 1,2-р байруудыг нурааж 960-аас дээш суудалтай хичээлийн байр барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайдад дүүргийн удирдлагаас уламжлан санал тавьсан юм. 


Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ: "Засгийн газар гурван асуудалд онцгойлон анхаарч байгаа. Энэ бол эмнэлэг, сургууль, цэцэрлэг. 60 гаруй жилийн ууган түүхтэй Голомт цогцолбор сургуулийн 960 хүүхдийн суудалтай хичээлийн барилгыг ирэх жилийн төсөвт тусгуулан шийдвэрлэж өгье" гэв.

Дашрамд дурдахад саяхан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тус сургуульд хөлбөмбөгийн талбайтай болгох асуудлыг шийдвэрлэсэн бол ийнхүү Голомт цогцолбор сургууль шинэ хичээлийн байртай болохоор боллоо.

 

Хуваалцах: