Налайх дүүрэг

"ЗАСАГ ДАРГЫН ЯВУУЛЫН ӨРӨӨ" 1, 7 ДУГААР ХОРООНД ХҮРЧ АЖИЛЛАЛАА

"Засаг даргын Явуулын өрөө" улирал тутамд хороодод хүрч ажилладаг. 06 сарын 20-ны өдөр дүүргийн 1, 2, 5, 7 дугаар хороонд хүрч ажиллалаа.
Энэ удаагийн хувьд Засаг дарга Ч.Раднаабазар холбогдох байгууллагын төлөөллийн хамт гудамж талбайгаар явж зарим айл өрхийн гэрээр зочилж, иргэдтэй уулзан мэдээлэл хүргэж буйгаараа онцлогтой юм.
7 дугаар хороонд Шинэ Налайх хороололд хүрч ажиллан, СӨХ-ийн хамт олонтой уулзаж, тус хороололд хийгдэж буй тохижилтын ажлуудтай танилцсан юм.
Шинэ Налайх хороолол доторх замаа засаж дуусгасны зэрэгцээ, хүүхдийн тоглоомын талбай, хөлбөмбөгийн талбай барьж байгуулах ажил үргэлжлэн хийгдэж байна. Мөн тус хорооллын СӨХ-ийн зүгээс камержуулалт, ногоон байгууламж, тохижилтын ажлын талаар танилцуулсан юм.
Дараагаар нь дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Бадралын хэсгийн төв зам дагуу байрладаг айл өрхийн төлөөлөлтэй уулзалт хийсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ: "Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Улаанбаатар-Налайх чиглэлийн замын ажил үргэлжлэн хийгдэж байна. Бөмбөрцгийн уулзвараас Буян Налайхын уулзвар хүртэлх замын ажлыг шинэчлэх хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна. Та бүхэн бол дүүргийн маань өнгө царай. Тийм учраас зам дагуух байрладаг айл өрхүүд маань хашаа хороогоо жигдлэн, ижил түвшинд тохижилтыг хийхийг уриалж байна" гэв. Тус уриалгыг иргэдийн зүгээс бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Дараагаар нь 1 дүгээр хорооны гудамжаар явж, 2 айл өрхийн гэрээр зочиллоо. Энэ үеэр уурхайн осолд орж хэвтэрт байдаг залуутай уулзан, цаашид халамжийн болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн юм.

п

 

 

Хуваалцах: