Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН НААДАМ ҮНДЭСНИЙ СУР ХАРВААГААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Тулгар тѳрийн 2228, Их Монгол улсын 813, Үндэсний эрх чѳлѳѳ тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 108, Ардын хувьсгалын 98, НАЛАЙХ дүүргийн 97 жилийн ойн үндэсний их баяр наадам 07 дугаар сарын 03-ны өдөр урианхай сурын харваагаар эхэлсэн.
Өнөөдөр үндэсний сурын харваагаар үргэлжилж байна.
Баяр наадмын сурын харвааны нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар болон бусад албаны зочид төлөөлөгчид, газар газраас цугларсан мэргэн харваачид оролцлоо.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нээж хэлсэн үгэндээ: "Төрт ёсны их баяр цэнгэл наадам маань урианхай сур харваагаар эхэлдэг. Налайхын наадам маань ч мөн урианхай сур харваагаар өчигдөр эхэлсэн билээ.
Өнөөдөр үндэсний сур харваачид маань цэц мэргэнээ сорьж байна.
Та бүхний минь татсан сум болгон онч мэргэн байж, уухайн түрлэг сурын асарт цуурайтаж байхын ерөөл дэвшүүлье" гэв. 
Энэ үеэр Бурхан халдун группын харваач спортын мастер А.Дагзмаа аймгийн мэргэн цол, Завхан аймгийн Цагаан хайрхан сумын уугуул, Алдар спорт хороо, Жем интернэйшнл багийн харваач, спортын мастер н.Цэцэгмаа нар аймгийн мэргэн цол тус тус хүртлээ.
Үндэсний сурын харвааны нээлтийн үйл ажиллагааны үеэр дүүргийн удирдлагууд бэлэгдлийн сум тавьж, сурын талбайд уухайн түрлэг цуурайтлаа.

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай.

 

 

Хуваалцах: