Налайх дүүрэг

5 ДУГААР ХОРООНЫ 103 ДУГААР СУРГУУЛЬ АВТОБУСТАЙ БОЛЛОО

09 дүгээр сарын 01-ний эрдмийн баярын энэ өдөр дүүргийн ЕБС-иуд 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ албан ёсоор хийлээ.
Дүүргийн 5 дугаар хорооны 103 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн баярын арга хэмжээ өнөөдөр 12 цагт сургуулийн гаднах талбайд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч н.Алтандөш, 5 дугаар хорооны Засаг дарга Д.Мөнхбаяр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал нарын зочдоос гадна эрдмийн босгыг анхлан алхан орж буй бяцхан хүүхдүүд, сурагчид, эрдэмтэн багш нар, эцэг эхчүүд оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар сурагч хүүхдүүддээ хандаж хэлсэн үгэндээ: "Боловсролын салбарт сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, багшийн мэргэжлийг дээшлүүлж, сургалтын орчныг сайжруулах, хүүхэд гэр бүлийн хөгжлийг хангах чиглэлээр Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө томоохон бодлого, зорилтоо тусган хэрэгжүүлснээр багагүй үр дүнд хүрч ажиллаж байна. 
Дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд 7 сургуульд 7892 сурагч суралцаж байгаа бол нэгдүгээр ангид 846 хүүхэд шинээр элсэн суралцаж байна.

Төрийн болон хувийн өмчийн 13 цэцэрлэгт 2586 хүүхэд суралцаж хамран сургалт 70 хувьд хүрлээ. 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 болон 3 дугаар хороонд 100, 150 ортой хүүхдийн цэцэрлэг баригдаж байна.
Тун удахгүй 120 хүүхдийн ортой цэцэрлэг 1 дүгээр хороонд ашиглалтад орно. 
“Жайка” олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар 3 дугаар хорооны 109 дүгээр бага сургуулийн өргөтгөл баригдаж байна.
Ирэх жилээс Голомт цогцолбор сургуулийн барилгыг шинэчилнэ. 
Энэ мэтчилэн боловсролын салбарт хийгдэж байгаа олон ажлууд бий" гээд хүүхдүүдээ баяртай мэдээтэй ирснээ дуулгалаа. 


Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 5 дугаар хорооны 103 дугаар сургууль цоо шинэхэн автобустай болж байна. Ингэснээр энэ хичээлийн жилээс эхлэн 5-р хорооны Гандан-Уул чиглэлийн хүүхдүүдийг тээвэрлэх боломжтой болж байгаа юм.

Дараагаар нь Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилд нь сурлагын амжилт хүсэн ерөөж хэлсэн үгэндээ: "Дүүрэг маань ЭЕШ-ын дундаж оноогоор өнгөрсөн жилүүдэд нийслэлийн хэмжээнд сүүлээсээ 2 дугаар байрт шалгардаг байсан бол энэ жил нийслэлд 5 дугаар байр, улсад 11 дүгээр байр эзэлсэн амжилт үзүүлсэн. Хэмжээст шалгалтын дүнгээр улсдаа тэргүүлсэн гэдгийг багш нь та бүхэндээ баяртайгаар дуулгая" хэмээсэн юм.

Ийнхүү 5 дугаар хорооны 103 дугаар сургууль эрдмийн анхны хонхоо жингэнүүлэн хичээлийн шинэ жилээ шинэхэн автобустай, шижгэр зорилттойгоор эхлүүллээ.

 

 

Хуваалцах: