Налайх дүүрэг

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД 2 АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүрэгт ажиллах үеэрээ дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж, эмч эмнэлгийн ажилчидтай уулзлаа.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь эмнэлгийн тусламж үйлчилгээний алба, стратеги төлөвлөлт гадаад харилцааны алба, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алба болон эмчилгээ чанарын алба гэсэн үндсэн дөрвөн албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 336 ажилтан, албан хаагчидтай. Хүн амын төрөлт нэмэгдэж, нас баралт, осол гэмтлийн тоог бууруулах, дүүргээс нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг багасгах зорилт тавин ажилладаг. Эрүүл мэндийн төв нь 40 мянга орчим хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэмтэл, мэс засал, хүүхэд, дотор, эх барих эмэгтэйчүүд, халдварт сүрьеэ, амбулатори болон хэвтэн эмчлүүлэх гэсэн чиглэлүүдээр үзүүлдэг гэж тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсож байдаг эмнэлгийн эмч, мэргэжилтэн та бүхэнд юуны өмнө ажлын амжилт хүсье. Нэг шинжилгээ өгөхийн тулд хот руу явдаг байсан асуудал байхгүй болж байгаад талархалтай байдаг. Ямар ч цаг үед эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй авдаг байх нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Нийслэлээс онцгой анхаарал хандуулж ажиллаж байгааг энд онцлон хэлье. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхаарч байна” хэмээлээ.

Түүнчлэн Налайх Эрүүл мэндийн төвд 2 автомашин гардуулан өглөө.


УАЗ Пургон маркийн автомашиныг Эрүүл мэндийн яамнаас алслагдсан Тэрэлжийн 6 дугаар хорооны өрхийн эмнэлэгт олгож байгаа бол, ЭМТ-д Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн форд автомашины түлхүүрийг тус тус гардуулан өгсөн юм.

Ингэснээр 2017-2019 оны хугацаанд Налайхын Эрүүл мэндийн төвд 6 автомашин шинээр олгогдож байна.

 

 

Хуваалцах: