Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 13 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Дүүргийн ИТХ-ын 13 дугаар хуралдаан өнөөдөр /10.04/ ЗДТГ-ын хурлын танхимд 100 хувийн ирцтэй эхэллээ.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй хурлын ирц, хэлэлцэх асуудал, дотоод журмыг танилцуулж, баталсны дараагаар дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хагас жилийн биелэлтийг танилцуулсан юм.

Тэрбээр илтгэлдээ: "Ард иргэдийнхээ итгэл дэмжлэгийг бүрэн хүлээж ажлаа эхлүүлэн, Налайх дүүргээ 2016-2020 он хүртэл хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө та бүхнээрээ батлуулж ажлаа эхлүүлснээс хойш 3 жилийг ардаа үдэх гэж байна.
Өнгөрсөн 2017, 2018 оны зорилтоо бүрэн дүүрэн биелүүлж, та бүхнээсээ “хангалттай” гэсэн үнэлгээг авсан бол, өнгөрсөн 2018 онд нийслэлд ч мөн ажлаараа тэргүүлсэн амжилт үзүүлж чадсан нь та бидний хүчин чармайлт, хамтын ажиллагааны үр дүн юм.
2016-2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 13 тэрбум 793 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн бол,
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18 тэрбум 642 сая төгрөгөөр 46 төсөл арга хэмжээ,
2016-2019 онд Нийслэлийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 866.8 сая төгрөгөөр 16 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
Тэгвэл Дүүргийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 3 тэрбум 114.8 сая төгрөгөөр 114 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
Энэ бол ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг дүүрэгтээ татаж чадсан, хэрэгжүүлж чадсан амжилт гэж бодож байна.
2019 онд “Иргэдийн оролцоотой-хөгжлийн төлөө хамтдаа” уриа дэвшүүлэн бүх шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийнхээ санал санаачилгыг ажилдаа тусган хэрэгжүүлэхийг зорьж ажиллалаа.
“Засаг даргын Явуулын өрөө”- улирал тутам зохион байгуулж, төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулан, айл өрх, хороо, гудамж талбайд төрийн үйлчилгээ хүрч, иргэдийнхээ саналыг сонсож байна.

Налайх дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 171 ажлын хэрэгжилтийг хагас жилийн байдлаар дүгнэж үзэхэд 54,39 %-тай байна.

Цаашдаа зорьсон, төлөвлөснөө бүрэн хэрэгжүүлж, ард иргэддээ дүнгээ тавиулахад ганцхан жилийн хугацаа үлдээд байна.
Дүүргийн маань иргэд их хариуцлагыг бидэнд хүлээлгэсэн. Одоо бидэнд орхигдсон болон үлдэж буй ажилдаа ханцуй шамлан орж төлөвлөсөн, зорьсон зорилтынхоо эцсийг үзэх их хүлээлт, хариуцлагын жил ирж байна.
“Иргэдийн оролцоотой-хөгжлийн төлөө” та , бид хамтдаа зүтгэцгээе" хэмээн онцоллоо.

Дүүргийн ИТХ-ын 13 дугаар хуралдаан бүтэн өдрийн туршид үргэлжилж, ажлын хороодын тайлан болон ИТХ-аас батлагдсан дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг авч хэлэлцэх юм.

 

 

Хуваалцах: