Налайх дүүрэг

НАЛАЙХЫН БАГШ НАР АМЖИЛТ БҮТЭЭЛ АРВИНТАЙ БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг залгуулж, ирээдүй хойч үедээ мэдлэг боловсролыг түгээж яваа багш, сурган хүмүүжүүлэгчид баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Монголын багш нарын 25, Дэлхийн багш нарын 53 дахь өдрийн багш нарын баярын арга хэмжээ 10 сарын 04-ний өдөр зохион байгуулагдлаа.


Тус үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцож багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Хотын дарга С.Амарсайхан багш нартаа хандаж хэлсэн үгэндээ: "Багшаар эрдэм заалгаагүй хүн энэ дэлхийд ховор байх. Дүүргийнхээ ард иргэд, хүүхэд багачуудыг боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, шинэ үеийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг үүрч байдаг багш нартаа баярын мэнд дэвшүүлье.
Өнгөрсөн онд нийслэлийн Боловсролын газартай хамтран дүүрэгтээ "Чадварлаг багш-Чанартай боловсрол" төслийг хэрэгжүүлсэн. Тус төслийн үр дүн, багш нарын хичээл зүтгэлээр боловсролын чанар сайжирч байна. Налайх дүүрэг маань сурлагын үзүүлэлтээр энэ жил улсад 11-д, нийслэлд 5-д жагссан байна. Энэ бол багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхний хичээл зүтгэлийн үр дүн юм" гэв.

Налайх дүүргийн Боловролын хэлтсээс дүүргийнхээ 400 гаруй багш нарыг хамруулан зохион байгуулсан баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд шагналын хур бууж, олон багш нар салбарын болон төрийн хүндэт шагналуудаар шагнагдлаа.

 

 

Хуваалцах: