Налайх дүүрэг

“ЯПОНД СУРАЛЦАХ БОЛОМЖ" СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Дүүргийн хүүхэд, залуучууд, албан хаагчдад зориулсан “Японд суралцах боломж” өдөрлөгийг Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Монгол- Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Бүнри Төгсөгчдийн холбоо болон Такатомо боловсролын байгууллага, “Fuji” боловсролын төвтэй хамтран 2019 оны 10 дугаар сарын 12-нд зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд дүүргийн нийгэм, эдийн засгийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Н.Мандуул, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр, Монгол дахь Бүнри төгсөгчдийн холбооны тэргүүн Б.Ганболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Өдөрлөгт дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, сургуулийн нийгмийн ажилтнууд, төрийн байгууллагын албан хаагчид нийт 120 гаруй хүн оролцож Японд суралцах боломж, Засгийн газрын болон сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрүүд, түүнд хамрагдах боломж, шалгуур, хэлний бэлтгэлд хамрагдах, Япон улсад сурангаа ажиллах боломж нөхцөл, оюутны амьдрал, соёл зэрэг тал бүрийн мэдээлэл авлаа.


Өдөрлөгөөр мэдлэг мэдээлэл хүргэх илтгэлийн хэсэг, ганцаарчилсан зөвлөгөө туслалцааны гэсэн 2 хэсгээс бүрдсэн. Тус өдөрлөгт дараах мэдлэг мэдээллийг оролцогчдод хүргэж зөвлөн тусаллаа. Үүнд:
1. Япон Улсын Бүнри Их сургуульд суралцах боломж сэдвээр Монгол дахь “Бүнри төгсөгчдийн холбоо”-ны тэргүүн Б.Ганболд;
2. Япон улсад суралцахад анхаарах асуудал, тэтгэлэгт хөтөлбөрүүд сэдвээр
Монгол Япон хүний нөөцийн хөгжлийн төвийн JICA олон улсын байгууллагын мэргэжилтэн Ryo Takiguchi;
3. Япон Улсад хэлний бэлтгэлд суралцах боломж, анхаарах асуудал сэдвээр Такатомо боловсролын байгууллагын ажилтан Г.Батаа;
4. Японд суралцахын давуу тал, ямар хүн болж төлөвших вэ? сэдвээр Fuji Япон боловсролын төвийн менежер Б.Цэрэндолгор;
5. Япон соёл ба Монгол оюутны амьдрал сэдвээр нийгэм соёлын антропологич Э.Гэсэрмаа нар тус тус мэдээлэл хүргэж оролцогчдын сонирхсон асуултанд хариулсан юм.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн оролцогчид, хүүхэд залууст хандан дүүргийн Нийгэм, эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр хэлсэн үгэндээ: “Дүүргийн маань хөгжил хүүхэд залуучуудын маань хөгжлөөс шалтгаална. Амралтын өдрийнхөө цагаас хумслан уг арга хэмжээнд ирсэн нь та бүгдийг хэр хөгжин дэвших хүсэл эрмэлзэлтэй байгааг харуулж байна. Дүүрэг маань боловсролын чанар хүртээмжээр улам бүр дээшилж байна. Урьд жилүүдэд ЭЕШ-ийн дундаж оноогоор сүүлийн байруудад орж байсан бол 2018 онд бид 5 дугаарт жагсаж, өмнөх жилүүдээс сургалтын чанарт мэдэгдэхүйц томоохон ахиц гаргаж ажилласан байна. Энэ бол багш, сурагчид та бүгдийн хичээл зүтгэл юм. Цаашдаа бид сургалтын чанарыг сайжруулахад тал бүртээ хичээн ажиллах болно.
Япон улс бол хөгжлийг түүчээлэгч, үлгэр жишээ болохуйц өндөр хөгжилтэй улс. Манай хүүхэд залууст Японд суралцах өргөн боломж байна. Энэ талаар өнөөдрийн арга хэмжээгээр та бүгд мэдээлэл авна. Хүүхэд залуус маань өндөр хөгжилтэй улсад суралцаж ирээд мэдлэг, боловсролоо Монгол Улсдаа тэр дундаа төрөлх дүүргийнхээ хөгжилд зориулна гэж итгэж байна. Бид Бүнри төгсөгчдийн холбоотой 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд дүүргийнхээ 4 оюутан залуусыг Япон Улсад зохион байгуулагддаг олон улсын чуулга уулзалтанд дүүргээ төлөөлүүлэн оролцуулж байсан. Цаашид ч гэсэн хүүхэд, залуусаа өндөр хөгжилтэй оронд суралцах, олон улсын арга хэмжээ, уралдаан тэмцээнд оролцоход нь дүүргээс дэмжиж хамтран ажиллах болно” гэв.

Сонирхсон хүүхэд залуус дараах линкээр орж мэдээлэл авч болно.

• Монгол -Японы хүний нөөцийн хөгжлийн төв: http://www.japan-center.mn/
• Тэтгэлэгт хөтөлбөрүүд: http://www.g-studyinjapan.jasso.go.jp/en/
• Бүнри төгсөгчдийн холбоо: https://www.facebook.com/bunrikyoukai/
• Taкатомо боловсролын зөвлөгөөний байгууллага: http://takatomo.mn/
• Fuji Япон боловсролын төв: https://fuji-edu.mn/

Хуваалцах: