Налайх дүүрэг

НАЛАЙХЫН ЗАМЫН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ХИЙГДЭЖ БАЙНА

Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын ажил ундарсан жил болж байна.
Дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар нар танилцлаа.

Нийслэлийн авто замын сангийн 175 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар Велдедлайн ХХК ХААН банкны зүүн талаас Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хорин Гуравдугаар Цэцэрлэг, 15 дугаар байр хүртэлх 110м урт 7 м өргөн асфальт хучилттай зам, 110м явган хүний зам, 2300 м2 авто машины зогсоолын хамт хийж гүйцэтгэсэн. Тус ажилтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцаад замын чанар хангалтгүй байгааг сануулаад хяналт тавьж ажлын чанарыг сайжруулахыг үүрэг болголоо.
Дараагаар нь цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд тавигдсан авто замын ажилтай танилцлаа. Өнгөрсөн зуны хугацаанд Налайхчуудын тус дэмээр боссон уг ажилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 150 сая төгрөг шийдвэрлэсэн бол нэмэлтээр дахин 300 гаруй сая төгрөг шийдвэрлэхээр болсон байна.

Хэдхэн хоногийн дараа Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто зам ашиглалтад орно. Тус замын ажил эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд 10 сарын 31-нд замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн шахуу ажиллаж байгаа аж.

 

Хуваалцах: