Налайх дүүрэг

ЦЭРГИЙН АЛБАНД МОРДОЖ БУЙ ЗАЛУУСТАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 2019 оны 10 дугаар сарын 18,19-ны өдрүүдэд явагдаж байна. Налайх дүүргийн хувьд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн байранд явагдаж байгаа бөгөөд цэрэг татлагын явцтай Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцлаа.

Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт Цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй” гэж заасны дагуу цэргийн жинхэнэ албанд татах тухай “Цэргийн зарлан дуудах мэдэгдэл”-ийг хугацаат цэргийн албанд татагдах иргэдэд хүргүүлсэн гэж Цэрэг татлагын товчооны дарга Х.Анхбаяр илтгэлээ.

Хугацаат цэргийн албанд татагдах иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохион байгуулахын зэрэгцээ цэрэг татлагад хамрагдаж буй залууст нэг цэгийн үйлчилгээг хүргэж байна.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар цэргийн албанд тэнцсэн залуустайгаа уулзан амжилт хүслээ.


“Та бүхэн аав, ээжийн хүү байсан бол одооноос эх орны хөвгүүд болж байна. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн, дүүргийнхээ нэр хүндийг ямагт өндөрт өргөж, эр цэргийн албаа нэр төртэй сайн хаагаад ирээрэй. Уурхайчнаараа овоглосон Налайхын залуус ямар эвтэй, ямар хөдөлмөрч, зүтгэлтэй вэ гэдгээ мөр зэрэгцэн алба хашиж байгаа үеийн нөхөддөө харуулж, сайн бүхэнд үлгэрлэн манлайлна гэдэгт Аав ээж, ах эгч нь итгэж байгаа. Та нартаа амжилт хүсье, залуусаа” гэв.

Цэрэг татлагын товчооноос цэргийн жинхэнэ албанд татагдах залууст хандаж “Иргэний цэргийн үүргээ биелүүлэн цэрэг татлагын байранд ирж идэвхтэй оролцох, цэргийн алба хаах таван төрлийн хэлбэрээс сонголтоо зөв хийх, иргэний үнэмлэхтэйгээ ирж хамрагдаарай” хэмээн уриаллаа.

 

Хуваалцах: