Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХҮҮХЭД БАГАЧУУДЫН "НАРНЫ ХҮҮХДҮҮД" НАЙМДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан хүүхэд багачуудынхаа дуу хоолойг сонсох, гаргасан санал санаачилгыг нь ажил хэрэг болгох, зорилт төлөвлөгөөндөө тусгах зорилгоор "Нарны хүүхдүүд-2019" дүүргийн 8 дугаар чуулганыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Чуулганы үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч, "Хүүхдийн элч" Х.Анхбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр нарын албаны зочдоос гадна дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 9 сургуулийн 150 гаруй хүүхэд, багачууд оролцлоо.

Дүүргийн Эдийн засаг, нийгмийн чиглэлийн төслүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч, Налайх дүүргийн Хүүхдийн элч Х.Анхбаяр “Нарны хүүхдүүд-2017” чуулганаас гарсан зөвлөмжийн биелэлт, хэрэгжилтийг танилцууллаа.
Чуулганд оролцогч хүүхэд, багачуудын зүгээс удирдлагуудад, эцэг эхчүүдэд, байгууллага аж ахуйн нэгжүүдэд, хүүхдүүд бид өөрсдөө гэсэн 5 чиглэлийн хүрээнд зөвлөмж гаргаж, танилцуулсан юм.

Тухайлбал насанд хүрээгүй хүүхдэд архи тамхи худалдаалахгүй байх хуулийг дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд хэрэгжүүлж ажиллах, сургуулийн орй орчимд худалдаалагдаж байгаа гуанз, дэлгүүрийн хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих, сургуулийн ойр орчимд цахим тоглоомын газар ажиллуулахгүй байх зэрэг санал санаачилгыг гарган танилцуулж байсан юм.

Дүүргийн Засаг даргын зүгээс хүүхдүүдийн гаргаж байгаа санал санаачилгыг ажил хэрэг болгож, хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.

 

 

Хуваалцах: