Налайх дүүрэг

ТҮЛЭЭ НҮҮРСНИЙ ХӨНГӨЛӨЛТИЙН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ХӨӨЦӨЛДӨЖ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08 цагт ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.
Шуурхай зөвлөгөөний эхэнд ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Одонтуяа өнгөрсөн шуурхайд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Мөн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төвөөс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль танилцуулгадаа: "Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Эрүүл мэндийн төвд амбулаториар 3055 хүн үзүүлсэн бол 465 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.


Мөн 2019.11.29-ны өдөр Налайх дүүрэгт цахилгаан гэж нэрлэгдэх Менингококцемия өвчний мэдээлэл бүртгэгдсэн билээ. Одоо бүртгэгдээд байгаа менингит нь хүнд халдварлахгүй хатгалгааны хүндрэл болох тархины эд болон тархины гадна эдийн үрэвсэл юм. Иймд ялган ойлгох хэрэгтэй. Гэхдээ бүх сургууль эмнэлэгт тандалт халдваргүйтгэл хийж Нийслэлийн Эрүүл мэндийн газар дүүргийн онцгой комиссд мэдээлэн арга зүйн зөвлөгөө авч эмчилгээ оношлогоо хийгдэж байна" гэв.
Шуурхай зөвлөгөөнд Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар өвөлжилтийн чиглэлээр мэдээлэл хүргэсэн бол Засаг даргын орлогч С.Тунгалаг мал тооллогын удирдамжийг танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар түлээ, нүүрсний хөнгөлөлтийн санхүүжилтийн асуудлыг яаралтай хөөцөлдөж шийдвэрлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад анхааруулаад хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

-Сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх, ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах
-5 дугаар хорооны 103 дугаар сургуулийн хүүхдийн автобусыг яаралтай ашиглалтад оруулж, алсын хүүхдүүдийг тээвэрлэх ажлыг зохион байгуулах
-Ханиад томуу болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулах, хүүхдийн эмнэлэг уртасгасан цагаар ажиллах, орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах.
-Аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр хүртлэх талбайн цасыг цэвэрлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх
Мал тооллогын ажлыг хугацаанд нь чанартай зохион байгуулж ажиллах зэрэг хугацаатай үүрэг даалгавруудыг байгууллагын удирдлагуудад өглөө.

Хуваалцах: