Налайх дүүрэг

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД БАЙГУУЛЛАГА БҮРТЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ ЭРГҮҮЛ ЖИЖҮҮР АЖИЛЛУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Дүүргийн удирдах ажилтнуудын 2019 оны "отгон" шуурхай зөвлөгөөн өнөөдөр өглөө ЗДТГ-ын хурлын танхимд 08 цагт боллоо.
Шуурхай зөвлөгөөнд ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Одонтуяа өнгөрсөн шуурхайд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа.
Мөн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтсээс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.


Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын орлогч Х.Анхбаяр шинэ жилийн баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл, жижүүрийн хуваарийг танилцуулсан юм.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар "Шинэ жилийн баярыг угтаж иргэд олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалтгалтын ажлыг эрчимжүүлж ажиллахыг сануулаад хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.


Тухайлбал:
Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхлэж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, амралтын өдрүүдэд бага насны хүүхдүүдийг орон гэртээ асран хамгаалагчгүйгээр орхихгүй байх чиглэлээр сэрэмжлүүлэг өгөх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр мэдээлэх,
Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны болон бусад газруудын хяналт шалгалтыг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчээ нэмэгдүүлэх, нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх тал дээр онцгойлон анхаарч ажиллах,

Нийт байгууллагууд тайлант онд төлөвлөсөн ажлуудаа үлдэж байгаа хугацаанд гүйцэтгэж дуусгах, ажилтан, албан хаагчдынхаа үр дүнг дүгнэж, дотоод тайлангийн хурлаа зохион байгуулж ажиллах,

Баяраар өдрүүдэд үйлчилгээний газруудын хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, ил задгай худалдаалалтанд хяналт шалтгалтын ажлуудыг зохион байгуулж ажиллах

Ханиад томуу болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулах, хүүхдийн эмнэлэг уртасгасан цагаар ажиллах, орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах

Баярын өдрүүдэд харуул, жижүүр, манаачийнхаа ажлын хариуцлага, сонор сэрэмжийг дээшлүүлэх, хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулах гэсэн үүрэг даалгавруудыг өглөө.

Хуваалцах: