Налайх дүүрэг

2019 ОНД НАЛАЙХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ 29 ИРГЭНД ГЕМОДИАЛИЗИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Бөөрний үрэвсэлт өвчин болон бусад эрхтэн тогтолцооны өвчин эмгэгийн улмаас үүсэх бөөрний архаг дутагдлын эцсийн шатанд зайлшгүй хийгдэх шаардлагатай /бөөр орлуулах эмчилгээний төрлийн нэг болох/ гемодиализ эмчилгээг 2016 оноос Налайх дүүрэгт амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ.
Ингэснээр тус дүүргийн бөөрний архаг дутагдалтай үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг ойртуулан, дүүргийнхээ эмнэлэгт бөөр оруулах эмчилгээг авах бүрэн боломжийг нээсэн юм.
Өнөөдрийн байдлаар нийт 5 аппаратаар, нарийн мэргэжлийн 2 эмч, сурч, дадлагажсан 2 сувилагч, техникчийн тусламжтайгаар үйлчлүүлэгч болон гемодиализийн эмчилгээ шаардлагатай буюу бөөрний хурц дутагдалтай үйлчлүүлэгчдэд гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд 2019 онд нийт 29 эмчлүүлэгчийг 1914 удаагийн сеанс эмчилгээнд хамруулаад байна.
Тухайлбал 2019 онд харъяаллын 16, харьяаллын бус буюу Баянзүрх, Багахангай дүүргийн 13 эмчлүүлэгчдэд бөөр орлуулах эмчилгээг хийсэн байна.
Сүүлийн жилүүдэд бөөр орлуулах эмчилгээний нэг болох гемодиализийн тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэдийн тоо өсч байгааг ба 2019 онд гэхэд шинээр 11 хүн бөөрний дутагдлын улмаас гемодиализ эмчилгээнд орсон байна.
Налайх ЭМТ нь цаашид иргэдэд үзүүлж буй гемодиализийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, стандартын дагуу эмчилгээ, үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Даширамд дурьдахад Монгол Улсад сүүлийн арван жилийн байдлаар, нийт хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгаанд бөөрний эмгэг 3-4 тогтмол эрэмблэгдэж байгаа судалгаа байдаг байна.

 

 

Хуваалцах: