Налайх дүүрэг

Ч.РАДНААБАЗАР: ААВ, ЭЭЖ БОЛСОН БОЛ ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ӨМНӨ ӨНДӨР ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ БАЙХ ЁСТОЙ

Хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн зураглал гаргаж хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээний хуудсаар 9483 өрхөөс мэдээллийг авах ажил хийгдсэн. Энэ хүрээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр нар зарим өрхөөр орж, хүүхдүүдийн амьдарч байгаа орчин нөхцөлтэй танилцан, эцэг эх, асран хамгаалагчидтай тусгайлан уулзалт ярилцлага хийлээ.


Налайх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 хүүхэдтэй А /Нэрний эхний үсгийг зориуд өөрчилсөн болно/ айлын хашаа түрээслэн амьдардаг байна. Тэрбээр өрх толгойлсон ээж бөгөөд одоогоор тогтсон ажилгүй, архины хамааралтай учраас ажилд оруулж өгөхөөр тохиролцдог боловч ажил хийдэггүй гэдгийг хорооных нь Засаг дарга танилцуулж байлаа.


Дүүргийн Засаг даргын зүгээс "Аав, ээж болсон бол үр хүүхдийнхээ өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээдэг байх ёстой. Хороо болон хариуцсан байгууллагаас мэдээлэл авсан учраас өнөөдөр зориуд тантай хүүхдүүдээс тань тусдаа уулзаж ярилцаж байна. Дүүргийн Засаг даргын хувьд танд үүрэг даалгавар өгье. Нэг сарын дараа дахин эргэж ирэхэд арай өөр орчин угтаж авна гэдэгт итгэлтэй байна" хэмээгээд ажилд зуучилж оруулахаар боллоо. Мөн өөрийг нь хүсвэл архины эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэлээ.

Дашрамд дурдахад түргэвчилсэн үнэлгээний хуудсаар эрсдэлтэй үнэлэгдсэн хүнсний дутагдалтай 11 өрхийн 51 иргэнд маск, гар ариутгагч санитол, витамин С, хүнсний тусламж дэмжлэг үзүүлээд байна.

 

 

Хуваалцах: