Налайх дүүрэг

123 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ 05 САРЫН 20-НООС ЭХЭЛНЭ

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн нэгдүгээр сард гэрээ үзэглэсэн.
Тодруулбал 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюкитай 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан.

Тус гэрээ биеллээ олж, гүйцэтгэгч компани шалгаран 05 сарын 20-ны өдрөөс ажлаа эхлүүлэх гэж байна.

Өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр нар газар дээр нь ажиллаж, барилгын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэн хүлээлгэн өгөхийг санууллаа.

Одоогоор дүүрэгт Ерөнхий боловсролын 5 сургууль, сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчит 8 цэцэрлэг, төрийн бус 6 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3750 хүүхэд байгаагаас сургуулийн өмнөх боловсролд 2581 хүүхэд хамрагдаж байна.
Ямартай ч 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар 100 орчим хүүхдийг нэмж хамруулах боломж бүрдэх юм.

Налайх дүүрэгт хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бий болгон, сургалтын орчныг шинэчлэх асуудалд жинтэй хувь нэмрээ оруулж буй Япон улсын Засгийн газар, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд дүүргийн ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Хуваалцах: