Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд цэцэрлэгүүд шинээр нэмэгдэж байна.
Сар гаруйхан хугацааны дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа учраас дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт нар зарим цэцэрлэг, өргөтгөлийн явцтай газар дээр нь танилцаж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.
1 дүгээр хорооны 120 болон 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, 2 дугаар хорооны 123 дугаар цэцэрлэгийн барилгын ажлын явцтай тус тус танилцаж, хугацаанд нь барилгын ажлыг хийж гүйцэтгэн 08 дугаар сарын 10 гэхэд хүлээлгэн өгөх бэлтгэл ажлаа хангаж ажиллахыг санууллаа.
120 ортой цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан бөгөөд Боловсролын яамны зүгээс зөөлөн хэрэглэл, тоглоом, тавилга зэргийг нийлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хойт талбайд баригдаж байгаа 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга 85 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаанд ажлаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр шаргуу ажиллаж байгаа аж.
Ингэснээр ирэх хичээлийн жилд шинээр 270 орчим хүүхдийн цэцэрлэгт нэмж хамруулах боломж бүрдэх юм.
Мөн Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил хийгдэж байна.
ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл хичээл сургалт эхлэхэд цөөн хоног үлдсэнийг анхааруулаад ажлаа хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхийг санууллаа.