Налайх дүүрэг

ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРТ 40 ИРГЭН АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДЛАА

Энэ өвлөөс Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлнэ.

Алслагдсан дүүргүүд болон нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байна.

Өнгөрсөн удаад Зүүн бүсийн сайжруулсан түлшний үйлдвэр болох "Таван толгой түлш" ХХК-д нээлттэй ажлын байр зарлагдаж, 15 хүн барилга сантехникийн бригадад ажилд орсон бол энэ удаад 40 иргэн ажлын байртай боллоо.

Ажилд орох хүсэлт гаргасан 50 гаруй иргэнд "Таван толгой түлш" ХХК-иас сургалт зохион байгуулж, шалгалт авснаар 40 иргэн тэнцсэн байна.

Сургалтад хамрагдсан иргэдтэй дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар уулзаж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: "Өнгөрсөн онд нийслэлийн утаа 50 хувь буурсныг та бид нүдээрээ харсан. Налайх дүүрэг маань агаарын бохирдол их, утаатай өвөлждөг. Тэгвэл энэ өвлөөс эхлэн та бидний нуруунд дүүргээ утаагүй болгох өндөр үүрэг, хариуцлага ирж байна. Өмнө нь дүүргээс 15 иргэн ажлын байраар хангагдаж байсан. Удахгүй үйлдвэрийн дахин 2 хэсэг ашиглалтад орно. Ингэснээр дахин дүүргийн иргэдийг ажлын байраар хангана. Та бүхэн маань хамгийн чухал нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллан, хамтдаа утаагүй, агаарын бохирдолгүй дүүрэг, нийслэлийг бүтээцгээе" гэв.

Энэ үйлдвэр баригдсанаар шахмал түлш үйлдвэрлэх зургаан шугам ашиглалтад орно. Үе шаттайгаар бүрэн хэмжээнд нь арваннэгдүгээр сард багтааж ашиглалтад оруулахаар зорилт тавьж байна.

Шинээр баригдаж байгаа үйлдвэр жилд 600 мянган тонн тортог бохирдол багатай, стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн есөн дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийн үлдсэн 50 хувийг бүрэн хангаснаар 2020-2021 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг одоогийн байгаа дээр нэмээд 20-30 хувиар бууруулах боломжтой аж.

Нийслэлийн ЗДТГ, дүүргийн ЗДТГ-аас хамтран төрийн албан хаагчдад шахмал түлшний хэрэглээний сургалт мэдээллийг үе шаттай зохион байгуулж эхлээд байна.

Хуваалцах: