Налайх дүүрэг
Шинэ хичээлийн жилийн нээлтийн өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүрэгт ажиллаж, дүүргийн 109 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны өргөтгөлтэй танилцлаа.
Япон улсын хөрөнгө оруулалтыг татаж чадсанаар олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэн тохилог анги танхим, сургалтын бааз суурь, хэрэглэгдэхүүн бүхий жишиг өргөтгөлийн барилга сүндэрлэж байгаа юм. Ингэснээр Налайх дүүргийн 3, 4-р хорооны дунд, ахлах ангийн 500-аад хүүхэд 3-5 км явж байж хичээл сургуульдаа очдог байсан цаг ийнхүү ард хоцорлоо.

Анх 2006 онд 240 хүүхдийн хүчин чадалтай бага сургуулийн статустайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн 109 дүгээр сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилээс бүрэн дунд сургууль болон өргөжиж, 1-12 дугаар ангийн 870 гаруй суралцагчтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.



