Налайх дүүрэг

ИРГЭДЭД АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Иргэдэд аливаа осол гэмтэл, гэнэтийн биеийн хямралын үед эмнэлгийн тусламж иртэл өөртөө болон бусдад үзүүлэх анхны тусламжийн мэдлэг олгох зорилготой "Эмнэлгийн анхан шатны сургалт"-ыг зохион байгуулж байна.

Дүүргийн Засаг даргын санаачилгаар тодорхой үе шаттайгаар зохион байгуулж байгаа уг сургалтад дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагуудын сургалт хариуцсан ажилтан, сургууль, цэцэрлэгийн арга зүйч, нийгмийн ажилтнууд хамрагдлаа.

Түргэн тусламжийн амилуулах нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй уг сургалтын нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ: "Энэ өвлөөс дүүрэгтээ сайжруулсан шахмал түлшийг туршилтаар хоёр хороонд хэрэгжүүлнэ. Ирэх өвлөөс дүүрэг маань бүрэн шилжинэ. Тиймээс бид дор бүрнээ бэлтгэлээ хангах ёстой. Мөн хүний амьдралд тохиолдох аливаа бэрхшээл саадыг бид таамаглах аргагүй учраас хүн бүр эмнэлгийн анхан шатны тусламжийн талаар ойлголттой болох ёстой гэдэг үүднээс энэ сургалтыг зохион байгуулж байна. Та бүхэн сургалтын үйл ажиллагаандаа идэвхтэй хамрагдаж, цаашид байгууллагадаа энэ мэдээллийг хуваалцаж түгээхийг хүсэж байна" гэв.

Уг сургалтаар эрүүл, эмгэг үеийн онцлог шинж тэмдгүүд, зүрх амьсгал зогссоныг тодорхойлох аргууд, амьсгалын зам чөлөөлөлт, хахах үеийн тусламж, аминд осолтой эмгэг байдлын анхны тусламж, эм химийн бодисын хордлого, гадаад орчны нөлөөт эмгэгийн үед үзүүлэх анхны тусламж, осол гэмтлийн үеийн тээвэрлэх зарчим, боолтын арга зүй зэрэг анхан шатны тусламж үйлчилгээтэй холбоотой чухал шаардлагатай мэдээллийг хүргэж байгаагаараа онцлогтой юм.

Цаашид уг сургалтыг хороодын иргэдэд үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хуваалцах: