Налайх дүүрэг

24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ДӨРВӨН ШИНЭ УХААЛАГ ХУДГИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Налайх дүүргийн 1, 4 болон 7-р хороонд Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газрын 300 гаруй сая төгрөгийн дэмжлэгээр 4 ухаалаг худгийг барьж, ашиглалтанд орууллаа.

Ундны ус, орчны эрүүл ахуйг дэмжих төслийн хүрээнд хэрэгжсэн ухаалаг худгуудын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /09.23/ 4 дүгээр хорооны Туулын хэсэгт боллоо.

Уг үйл ажиллагаанд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, С.Тунгалаг, Гүүд Нэйборс Монгол ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жү Сүн Хён, Хөтөлбөр зохицуулалтын хэлтсийн менежер М.Янжинлхам, Налайх орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер Э.Энхсайхан, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирал Г.Чулуунбат нарын албаны зочид төлөөлөгчдөөс гадна 1, 4, 7 дугаар хорооны иргэд, оршин суугчдын төлөөлөл оролцлоо.

 

Ундны усны худгийг шинэчилж, иргэдийн усны эрүүл ахуйг сайжруулах зорилготойгоор нийт 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй уг төслийг “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын санаачлагаар Налайх Дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын хамтын ажиллагаа болон дүүргийн ААН байгууллагууд, иргэдийн сайн дурын хандиваар бүтээн байгуулж байгаа юм.

Тус ухаалаг худагнууд нь халуун хүйтэн устай, 24 цагаар ажиллах бөгөөд алслагдсан хороодын 12 мянга гаруй иргэд хүссэн үедээ ундны усны хэрэглээгээ хангах боломжтой болж байна.

4 дүгээр хороонд Туулын 7 болон 12 дугаар гудамж, 1 дүгээр хорооны Баянзүрхийн 5 дугаар гудамж, 7 дугаар хорооны Бадралын 6 дугаар гудамжинд ийнхүү шинээр дөрвөн ухаалаг худгийг ашиглалтад оруулж байна.

Ингэснээр дүүргийн хэмжээнд энэ онд 10 ухаалаг худгийг ашиглалтад оруулжээ.

Гүүд Нэйборс Монгол ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас хүлээлгэн өгсөн дөрвөн ухаалаг худагны түлхүүрийг Засаг дарга Ч.Раднаабазар Чандмань Налайх ОНӨААТҮГ болон хороодын Засаг дарга нарт албан ёсоор хүлээлгэн өглөө.

Уг үйл ажиллагаанд оролцсон 4 дүгээр хорооны иргэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Охобал хэлсэн үгэндээ: "Хажуунаасаа халуун, хүйтэн усаа авах энэ сайхан боломжийг бүрдүүлж өгсөн бүх хүнд талархлаа илэрхийлье. Үнэхээр иргэд бидний амьдралд нэн шаардлагатай чухал ажил хэрэгжсэн гэж үзэж байна" гэв.

Дашрамд мэдээлэхэд Дүүргийн ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөний хүрээнд энэ онд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар дүүргийн хэмжээний бүх худгийн хөөцлүүр савуудыг бүрэн шинэчилж, стандартад нийцүүлсэн зориулалтын нөөцлүүр саваар шинэчилсэн.

Цаашид худагнуудыг бүрэн шинэчилж, ухаалаг худаг болгох зорилтыг тавин ажиллаж байна.

Хуваалцах: