Налайх дүүргийн ЗДТГ-аас Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоотой хамтран "Хөгжлийн бэрхшээл ба хүний эрх" сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус сургалтад найман хорооны 40 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж, бүтэн өдрийн туршид эрх, оролцоо, хамгааллын чиглэлээр номын дуу сонсож мэдээлэл авлаа.
Сургалтын нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож хэлсэн үгэндээ: "Хөгжлийн бэрхшээл гэдэг энэ үгнээс шалтгаалан та бүхэн маань эрхээ, оролцоогоо ямар нэг байдлаар хасуулах учиргүй. Тиймдээ ч эрх, оролцоо, хамгаалал чиглэлээр мэдээлэл хүргэх зорилгоор өнөөдрийн энэ сургалтыг зохион байгуулж байна. Налайх дүүргийн бодлого, төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ээлтэй байх зорилтыг бүх түвшинд хэрэгжүүлж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 3 дугаар хороонд ашиглалтад орсон 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах бүх нөхцлийг хангасан.
Мөн "Нэг хот-нэг стандарт” зорилтыг хэрэгжүүлэх дүүргийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг хамруулж 1, 2, 3, 4, 5, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 8 байршилд 3540,8 метр стандарт шаардлагад нийцсэн хөтөч хавтан бүхий явган зам байгуулж, 326.4 сая төгрөгийг зарцуулсан.
Энэ мэтчилэн бүх түвшинд та нартаа ээлтэй байх боломжийг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллаж байна.
Өнөөдрийн сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье" гэлээ.
"Хөгжлийн бэрхшээл ба хүний эрх" сэдэвт сургалтаар Хүний эрхийн талаар хуулиудын танилцуулга, Оролцоо гэж юу болох, Бодлогод оролцох чадавхиа сайжруулах, төсөвт хяналт тавих, Нөлөөллийн чадавхиа нэмэгдүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж буй бэрхшээл ба хамгаалах механизм зэрэг сэдвээр сургагч багш нар мэдээлэл хүргэсэн юм.