Налайх дүүрэг

ХАРИУЦСАН АЖИЛДАА ЭЗЭН БОЛЖ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Өнөөдөр 08 цагт ЗДТГ-ын хурлын танхимд дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Шуурхай зөвлөгөөнд дүүргийн төрийн 30 гаруй байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Шуурхай зөвлөгөөний эхэнд Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэн юм.

Шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангах, хариуцсан ажилдаа эзэн болохыг сануулаад хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

1. ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудаа энэ сарын 15-ны дотор бүрэн дуусгах, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хороод, инженер хангамжийн байгууллагууд/

2. Өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, халаалт дулаанаа аваагүй иргэн, аж нэгж байгууллагуудын дулаанд холбох ажлыг яаралтай зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, инженер хангамжийн байгууллагууд/

3. Гэмтэл саатал гарсан тохиолдолд сэргээн засварлах, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах шуурхай бригадыг бэлэн байлгах. /Захирагчийн ажлын алба, инженер хангамжийн байгууллагууд/

4. Нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис, давсаа хангалттай нөөцлөх, Давс цацдаг зориулалтын машин тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хангах. /Захирагчийн ажлын алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/

5. Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хороод, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба/

6. Засгийн газрын 2020 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Нийслэлийн мал аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах. /Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс/

7. Иргэдийг угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлэх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг хангаж мэргэжлийн байгууллагууд бэлтгэл бэлэн байдалд ажиллах. /Хороодын Засаг дарга нар, нийт байгууллагын удирдлагууд/

8. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчин болон хүүхэд, багачуудын цугладаг газруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах чиглэлээр олон нийтийн оролцоотой урилга гаргаж, зохион байгуулж ажиллах, явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах. /Цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, ГБХЗХХ, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд/

9. АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ТУХАЙ: Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үед ажиллах коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам”-ын хэрэгжилтийг хангах. /Дүүргийн Сонгуулийн хороо, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс/

• Сонгуулийн хороодын байр болон санал авах байрыг зохих журмын дагуу бэлтгэж, байрны аюулгүй байдал болон тээвэр, холбоо, тоног төхөөрөмж бусад эд хэрэгслээр хангах.

• Хууль тогтоомжид заасны дагуу Соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, байр, танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах үүргийг ямар нэг чирэгдэлгүйгээр шуурхай зохион байгуулах ажлыг хэвшүүлэх.

• Нэр дэвшигчдээс сонгогчидтой уулзалт хийх, хурал, цуглаан зохион байгуулах үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга нар дэмжлэг үзүүлж, сонгуульд оролцогч талуудад тэгш хандах;

• Баг, хорооны Засаг дарга нар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очих боломжгүй сонгогч нарын судалгааг гаргаж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх тухай тэдний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд цаг хугацаанд нь хүргүүлэх;

• Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, гадаа, битүү талбайд худалдаа, үйлчилгээ гаргах зэрэг үйл ажиллагааг хориглох;

Бүх шатны сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчдад чөлөө олгож, ажиллах нөхцөлөөр хангах, цалин, нэмэгдлийг бүрэн олгох арга хэмжээг хэрэгжүүлэх.

/Дүүргийн Засаг даргын Тамгын газар байгууллагын удирдлагууд/

10. Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна болон дотор орчны камерын хяналтын системд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

11. Дүүргийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэдрүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар/ гэсэн үүрэг даалгавруудыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

 

Хуваалцах: