Налайх дүүрэг

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ.

Тус уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцсон юм.

Уулзалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд иргэдтэй мэндчилээд, Улсын Их Хурлаас хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын ажлын чиглэлээр таван сэдвийн хүрээнд үг хэлж, мэдээлэл өглөө.

Улс орны хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний талаар тэрбээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуралдаж, урьд өмнө байгаагүй богино хугацаанд Засгийн газрыг байгуулснаар эдүгээ төр, засгийн байгууллагуудын ажил жигдэрснийг онцоллоо. Мөн анхдугаар чуулганы дараахан ээлжит бус чуулган хуралдуулж, 2020 оны төсвийг тодотгосон, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан нь салбар бүрт эрс шинэчлэлт, өөрчлөлт хийх, улсаа хөгжүүлэх цоо шинэ агуулгатай баримт бичгүүд болсныг тэмдэглэхийн зэрэгцээ цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгийн хямралд нэрвүүлэхгүй байхад анхаарсан гол бодлогыг хэрэгжүүлснээр дэлхий дахинд цар тахлыг дотооддоо алдаагүй цорын ганц улс болж байгаа төдийгүй эдийн засагт сэргэлт гарч эхэлснийг дуулгасан юм.

Халамжаас бүтээмжид шилжсэн үйлдвэрлэгч орон болохыг зорьж буй талаар хэлэхдээ, Нийслэлийн Налайх дүүргийг цаашид эдийн засгийн хувьд бие даасан томоохон хот болон хөгжих ёстойг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн иргэдийн зүгээс ахмад уурхайчдын тэтгэмж, хилийн цэсийн асуудал зэрэг чухал сэдвийг хөндөж асуулт, санал хэлсэн юм.

Тэрбээр хилийн цэсийн асуудлаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж нааштайгаар шийдвэрлэхээ мэдэгдлээ.

 

 

Хуваалцах: