Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа.
2020 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан есөн өрхийн шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар гардуулж өгөв.
Энэ жил “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, амьдрах нөхцөл бололцоог хангах, ам бүлээрээ нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, иргэний үүргээ үлгэр жишээч ухамсартай биелүүлдэг, элдэв зөрчилгүй өрх, гэр бүлүүд аж. Мөн гэр орон, сууц хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлэн, цэцэглүүлж, соёлч боловсон аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлэн хороо дүүрэг, нийслэлдээ туршлага болохуйц шинэ санаачлага гаргасан, нийслэлээс баримталж буй бодлого чиглэлийн дагуу өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, гар урлал эрхлэх зэрэг тэргүүний үйл ажиллагаатай өрхүүд юм.
Налайх дүүргээс нэгдүгээр хорооны иргэн Дугар овогтой Бямбаагийнх нийслэлийн шилдэг өрхөөр шалгарсан байна.
Дашрамд Налайхчууддаа нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ой баярын мэндчилгээ дэвшүүлье.