Бидний тухай
ДҮҮРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2019/03/04
04
3 сар

Налайх дүүрэг нь Нийслэлийн есөн дүүргийн нэг бөгөөд нийслэлээс зүүн урагш 36 км-т өвөлдөө -20с-25 хэм, зундаа +23с+26 хэмийн дундаж температуртай ойт хээрийн бүсэд оршдог.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сумтай хиллэдэг.

68,7 мянган га нутагтай, 10547 өрхийн 36911 хүн амтай.

Засаг захиргааны 7 хороотой. 5 болон 6 дугаар хороод  нь жуулчдыг татдаг байгалийн үзэсгэлэнт газар болох Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт байрладаг. 

Хоймортоо Майхан уулаа залж, Хатан тунамал Туул гол, Тэрэлжийн голоо зүмбэрлүүлэн, түүх домогт Чингис уул, Суварга хайрханаа дээдлэн шүтэж, Зуун ламын агуй, Арьяабалын сүм хийд, Мэлхий хад, Бүс нуур, Элстэйн зуун мод бүхий үзэсгэлэнт сайхан Налайх нутаг өдгөө ч үйлдвэржилт эрчимтэй хөгжиж буй хот хэвээр байна. 

Монгол Улсын авто замын босоо болон хэвтээ тэнхлэгийн огтлолцолд оршдог, авто зам, төмөр зам, агаарын тээвэр хөгжсөн, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй, нийслэлийг цэвэр усаар хангаж байгаа дээд эх үүсвэртэй шууд холбогдсон, Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг хамаардаг, хүн амын дийлэнх олонхийг залуучууд болон хөдөлмөрийн насныхан эзэлдэг, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт  ихтэй зэрэг давуу тал олон.

Төрийн төсөвт 44 байгууллагатай.

БОЛОВСРОЛ

Төрийн өмчийн 5, төрийн бус өмчийн 2 сургуульд бага боловсролын 120 бүлэгт 41658, суурь боловсролын 79 бүлэгт 2297, бүрэн дунд боловсролын 31 бүлэгт 818, нийт 230 бүлэгт 7280 хүүхэд хамрагдаж, хамран сургалтын индекс 91.4%-тай байна.

Сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн 7, төрийн бус өмчийн 5 цэцэрлэгт  65 бүлэгт  2580 хүүхэд хамрагдаж, хамран сургалтын индекс 69.4%- байна.

Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд  34 мэргэжлээр 765 суралцагч  суралцаж төгссөн. 

Монгол Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуульд 5 мэргэжлээр 121 оюутан суралцаж, 28 багш хичээл зааж байна.   

ЭРҮҮЛ МЭНД

1921 оны ардын хувьсгалаас хойш Монгол улсын эмнэлгийн ууган байгууллагын нэг болох Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь өдгөө

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алба

Стратеги төлөвлөлт гадаад харилцааны алба

Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба

Эмчилгээний чанарын алба 4 албатай гэмтэл, мэс засал, хүүхэд, дотор, эх барих эмэгтэйчүүд, халдварт, сүрьеэ, амбулатори болон хэвтэн эмчлүүлэх чиглэлээр 268 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд өдөрт 220-230 өвчтөнд, жилдээ 191000 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 2017 онд 816 эх амаржиж, төрөлт жил ирэх тусам нэмэгдэж байна.

2017 онд 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулж, 2018 онд 31 нэр төрлийн 375,0 сая төгрөгийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөөр хангагдсан.

Өрхийн эрүүл мэндийн 5 төв, хувийн хэвшлийн 3 эмнэлэг, 10 эмийн сан ажиллаж байна.

СОЁЛ УРЛАГ

Дүүргийн Соёлын ордон нь 1969 оноос Уурхайчдын соёлын ордон нэртэйгээр анх үйл ажиллагаа явуулж эхлээд 60 жилийн ойтой золгох гэж байна. 2017 онд соёлын 48 үзвэр үйлчилгээг иргэдэд хүргэсэн. Дүүргийн номын сангийн уншигчдын тоо 2018 онд 1038 болж өссөн.  Уртын дуу, морин хуурын сургалтад давхардсан тоогоор 64 хүүхэд хамрагдсан.

СПОРТ

Биеийн тамир, спортын хороо нь 1960 онд  Налайх хотын биеийн тамирын зөвлөл н‎эртэйгээр байгуулагдсан.

2017 онд нийтийн биеийн тамирын 50 арга хэмжээнд 33224 хүнийг, спортын 55 арга хэмжээнд 4275 хүнийг олон улсын 13 арга хэмжээнд 44 хүнийг тус тус хамруулсан.

Дүүргийн хэмжээнд гавьяат тамирчин 1, гавьяат дасгалжуулагч 1, залуучуудын дэлхийн аваргын алтан медальт тамирчин 1, мөнгөн медальт тамирчин 1, таеквондогийн дэлхийн аварга 1, спортын цол зэрэгтэй тамирчин 242 төрөн гарсан.  

  Дүүрэгт спортын шинэ төрөл болох Бадминтон, Отеллогийн  спортыг оруулж  хөгжүүлэх зорилгоор клубыг байгуулан хэрэглэл, материалаар ханган ажиллаж, стандартад нийцсэн 8 талбай байгуулан 400 гаруй иргэд хичээллэж байна.

2017 онд улсын аварга шалгаруулах тэмцээнээс 6 алт, 4 мөнгө, 8 хүрэл медаль, хотын аварга болон нэрэмжит тэмцээнээс 9 алт, 8 мөнгө, 21 хүрэл медаль хүртэж, гадаад дотоодод зохиогдсон арга хэмжээнд 6 аль, 4 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн байна.

2018 онд Монголд анх удаа олон улсын стандартад нийцсэн, 400 метрийн тойрог бүхий хөнгөн атлетикийн зам, талбай Налайх дүүрэгт баригдаж ашиглалтад орсон бол 2019 онд 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга ашиглалтад орно.

ХӨДӨӨ АЖ АХУЙ

2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 50386 толгой мал тоологдсон. Дүүргийн хэмжээнд нийт малтай өрх 761, малчин өрх 443 байна. Нийслэлийн хэмжээнд 423644 толгой мал тоологдсон бөгөөд дүүргийн мал 11,9 хувийг эзэлж байна. 1, 5 дугаар хороод хамгийн их малтай гэж тоологддог.

ГАЗАР ТАРИАЛАН

Дүүргийн хэмжээнд 2 аж ахуйн нэгж, 224 өрх тариалалт хийсэн байна. Төмс 24.2 мянган га талбайд тарьж, 128.7 мянган тонн, хүнсний ногоо 18.0 мянган га талбайд тарьж, 106.6 мянган тонн ургац хураан авсан.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Налайх дүүрэгт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй аж ахуйн нэгж  байдаг бөгөөд  80 %-ийг  ГТБЦГ,  үлдсэн 20%-ийг 1, 5 дугаар хороонд байрлах амралт, аялал жуулчлалын газрууд эзэлдэг байна. Үүнээс:

  1. Тогтмол үйл ажиллагаа явуулдаг 20
  2. Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг 130
  3. Өвлийн аялал жуулчлалын чиглэлээр “Тэрэлж  жаргал” ХХК-ийн нохой чарга, “Мянган лант” ХХК-ийн цана чаргаар гулгах, мөсөн гулгуур, цасны мотоцикл, нохой чарга, ууланд мөсний авиралт хийх зэрэг үйлчилгээг аялагчдад нэг цэгээс хүргэн ажиллаж байна.  

Дүүргийн 6 дугаар хорооны  Горхи-Тэрэлжийн БЦГ-т жилдээ гадаадын 30000, дотоодын 200000 аялагчид, жуулчид амарч зугаалдаг ба нийслэлд хамгийн ойрхон, дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт газар юм.

Горхи –Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын өвөрмөц тогтоцтой, эрт дээр үеэс домогтой хад чулуу, байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэхээс гадна морин аялал, явган аялал, завиар үйлчлэх үйлчилгээг үзүүлдэг.

УУЛ УУРХАЙ

Налайхын нүүрсний орд газарт Налайх-Од ХХК, Зоогийн-Эх ХХК, Эрдэс Налайх ХХК, Таван шүтээн ХХК, Сүмбэрхудаг ХХК, Хэлтрэгэ ХХК, Кенже ХХК, Сатурн прогресс ХХК, Заяа түвшин ХХК, Эрдэнийн хөгжил ХХК гэх мэт 34 аж ахуйн нэгж ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ

Дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт нийт 780 ААН, иргэд  идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй байна. Үүнээс 324 ААН, 456 хувиараа бизнес эрхлэгч иргэд байна. 

 

 

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.