Бидний тухай
ЁС ЗҮЙН ДҮРЭМ
2019/03/11

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГА БОЛОН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

Налайх дүүргийн Засаг даргын дэргэдэх байгууллага, Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчдын албан үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд энэхүү дүрмийн зорилго оршино.

Хоёр. Ёс зүйн зарчим

Налайх дүүргийн Засаг даргын дэргэдэх байгууллага, Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан зарчмыг баримтална.

Шударга ёсны зарчмын хүрээнд

  • Албан хаагч нь хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах;
  • Албан хаагч нь өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд судалж боловсруулсан санал, зөвлөгөөгөөр удирдлагыг хангаж тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болох эерэг, сөрөг талыг анхааруулж байх;
  • Албан хаагч нь ажил үүрэгтэй холбоотой мэдээллийг нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах явцад саад учруулахыг хориглоно.
  • Албан хаагч нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу эрхэлж буй ажил үүргийнхээ хүрээнд төр засгаас явуулж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, тухайн байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тайлбар хийж болох боловч аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тарааж, дэлгэрүүлэхийг хориглоно.
  • Албан хаагч нь ажил үүргийн дагуу удирдах албан тушаалтанд өгсөн зөвлөгөө болон нийтэд мэдээлээгүй бусад мэдээллийг тараах тухай байгууллагаас явуулж буй бодлогыг албан хаагчийн хувьд гуйвуулан шүүмжлэх, эсхүл тэдгээр бодлого, үйл ажиллагааг өөрийн санаачилга мэтээр ярьж сайрхахыг хориглоно.
  • Хууль дээдлэх зарчмын хүрээнд
  • Албан хаагч нь төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах болон төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг ямагт дээдэлнэ.
  • Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
  • Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш 2 жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
  • Албан тушаалтан тухайн албан тушаалд сонгогдох, томилогдохоосоо өмнө аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан бол нийтийн албанд орсон, эсхүл тухайн аж ахуйн нэгжтэй иргэний эрх зүйн аливаа харилцааг дуусгавар болгосноос хойш 2 жилийн хугацаанд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбогдох захиргааны акт гаргахыг хориглоно.
  • Тэгш байдлын зарчмын хүрээнд
  • Албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх;
  • Албан хаагч нь найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг хориглоно.
  • Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглоно.
  • Удирдлагын зөвшөөрөл, батлагдсан удирдамжгүйгээр хэн нэгэн этгээдийн эрх ашгийн үүднээс хяналт шалгалт хийхийг хориглоно.
  • Хариуцлага хүлээх зарчмын хүрээнд
  • Өөрийн мэдлэг чадвар, дадал туршлагаа байнга хүндэлж, ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах;
  • Өөрт мэдэгдсэн төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах, хувийн зорилгоор ашиглах ёсгүй;
  • Төрийн албан хаагч ажлын цагаар согтуу байх болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, зөвшөөрөгдөөгүй газар тамхи татах, зан харьцааны дутагдал гаргах ёсгүй;
  • Хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдээлэх
  • Олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд
  • Албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх;
  • Төрийн албаны соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв, төвшин харилцах;
  • Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу цаг алдалгүй ил тод, түргэн шуурхай хүргэх;

Гурав. Албан хаагчийн  ёс зүйн нэмэлт хэм хэмжээ

3.1. Гадаад төрх

  • Албан хаагчийн гадаад төрх цэвэр, цэмцгэр, даруу төлөв, ажил хэрэгч загвараар хувцаслах бөгөөд үйлчлүүлэгчдэд таатай сэтгэгдэл төрүүлэхүйц байхаас гадна хувийн соёлоо хангаж ажиллах;
  • Үсний өнгө, засалт этгээд хэв маягггүй, цэвэр үзэмжтэй байх;
  • Хурц биш өнгийн, тод хээгүй, ажил хэрэгч хувцас өмсөж, эрэгтэй албан хаагчид хурал зөвлөгөөн, гэрээ хийх зэрэг албан харилцаанд орох үед зангиа заавал зүүх;
  • Гараа тогтмол угааж, хумсаа цэвэрхэн зассан байх ба эмэгтэй албан хаагчид тод өнгийн биш өнгөөр хумсаа будсан байх;
  • Жинсэн өмс өмсөхгүй байх

3.2. Албан харилцааны соёл

  • Албан хаагчийн харилцаа бусдыг хүндэтгэсэн, эелдэг, найрсаг, шуурхай, санал хүсэлтийг анхааралтай гүйцэд сонсож, ойлгохыг эрмэлзсэн туслахыг хичээсэн, таатай сэтгэгдэл төрүүлэхүйц байна.
  • Удирдах, удирдуулах ёсыг баримталж, шүүмжлэлд хүлээцтэй хандан, өөрсдийн сөрөг сэтгэл хөдлөлийг зөв удирдан, бусдын сэтгэл зүйд  дарамт учруулахгүй байна.
  • Албан хаагчид хурал зөвлөгөөн, гадны зочид, төлөөлөгчид, үйлчлүүлэгчдийн дэргэд өөр хоорондоо бүтэн нэрээр эсвэл албан тушаалаар дуудна.
  • Үйлчлүүлэгчтэй мэндлэхдээ инээмсэглэн, хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ, нүүр өөд нь харж, тод сонсогдохоор ярина.
  • Албан хаагч харилцуур утсаар ярихдаа эелдэг найрсаг боловч оновчтой, товч тодорхой, ажил хэрэгч уур амьсгалтай, албаны хүрээнд ярилцана. Үүрэн телефон хэрэглэх үед бусдын тав тух, тайван байдлыг нь хүндэтгэн утасны хонхыг нам дуу буюу чичиргээн дээр тавьж удаан дуудуулахгүй авна.
  • Албан хаагч ажлын цагаар фэйсбүүк хуудсанд нэвтрэхгүй байх, зөвхөн дотоод сүлжээнд ажиллана.
  • Ханиад томуу зэрэг халдварт өвчнөөр өвдсөн үед амны хаалт зүүж, яаралтай эмчилгээ хийлгэж, бусдад халдварлахаас сэргийлнэ.

Дөрөв. Ёс зүйн байдалд хяналт тавих, шийдвэрлэх

4.1. Дүүргийн Засаг даргын дэргэдэх байгууллага, Засаг даргын Тамгын газрын   төрийн  албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, зөвлөмж, дүгнэлт гаргах  эрх бүхий байнгын, орон тооны бус  Ёс зүйн хороогоор шийдвэрлэх бөгөөд  төрийн албан хаагчийн тоо 10 хүрэхгүй, байгууллагын удирдлагатай холбоотой ёс зүйн зөрчлийг дүүргийн Ёс зүйн хороо хянан, шийдвэрлэнэ.

4.2. Энэхүү дүрмээр тогтоосон хэв хэмжээг зөрчсөн албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

4.3. Зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй;

4.4. Сахилгын шийтгэлийг дүүргийн Засаг даргын захирамж, Засаг даргын дэргэдэх байгууллагын даргын тушаал, Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар ногдуулна.

4.5. Сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол тухай албан хаагчийг сахилгын шийтгэлгүйд тооцно.

----------------оооОооо--------------------

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.